АХА: АЮУЛГҮЙ, ХАМГААЛАГДСАН, АЙДАСГҮЙ

2018 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс” гэсэн сэдвийн хүрээнд олон улсын хэмжээнд тэмдэглэж байна. Энэ сэдвийн хүрээнд хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн чухлыг онцолж, хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалах, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааг баталгаажуулахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар бүрэн мэргэшсэн хараат бус шүүхийн ач холбогдолд онцгойлон анхаарна.

Глоб Интернэшнл төв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй орчин бүрдүүлэх уриалгыг дэвшүүлэн кампанит аян өрнүүлээд байна. Тус аян нь Монгол Улсын Засгийн газар олон улсын гэрээ, конвенциэр хүлээсэн үүргийнхээ дагуу хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг хангах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, шүгэлдэгчдийг хамгаалахад шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдийн анхаарлыг хандуулах, тодорхой алхам хийлгэх зорилготой юм.

Ардчилсан нийгмийн амин судас болсон мэдлэгтэй, мэдээлэлтэй иргэдийг бий болгох нь хэвлэл мэдээллийн салбарын үндсэн үүрэг. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч сурвалжлагчид нь аливаа төрлийн дарамт шахалт, заналхийлэл, цагдан хяналтаас ангид “Аюулгүй, Хамгаалагдсан, Айдасгүй” орчинд ажиллах эрхтэй. Үүнтэй холбогдуулж олон улсын хүний эрхийн байгууллагуудаас Монголын Засгийн газрын хүлээсэн үүргийн хүрээнд зөвлөмжүүд өгсөн.

Тухайлбал, 2015 онд UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл ирүүлсэн 164 зөвлөмжөөс Монголын Засгийн газар 150-ийг нь хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн. Эдгээрээс найм нь Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, сэтгүүлч, шүгэлдэгчдийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг бий болгохтой холбоотой байна.

Мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын хэрэгжилтийн тайланг хэлэлцээд 2017 оны долдугаар сард нэгдсэн зөвлөмжөө Засгийн газарт хүргүүлсэн. Тодруулбал, Пактын 19-р зүйл буюу үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбогдуулж “сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг аливаа сүрдүүлэг заналхийлэл, халдлагаас хамгаалах, эдгээр төрлийн халдлагыг нэн даруй мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдэд зохих шийтгэл ногдуулж байх нь зүйтэй” гэсэн тодорхой зөвлөмж өгсөн юм.

Өнгөрсөн жилүүдэд хийгдэж буй эрх зүйн орчны шинэчлэлээр Эрүүгийн тухай хуулиас гүтгэлэг доромжлолын бие даасан хэсгийг бүр мөсөн халсан нь сайшаалтай ч сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, шүгэлдэгчдийг дарамт шахалт, заналхийлэл, цагдан хяналтаас хамгаалсан эрх зүйн орчин өнөөг хүртэл үгүйлэгдсээр байна.