Глоб Интернэшнл Төв 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэл IFEX үзэл бодлын эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих олон улсын сүлжээ байгууллагын дэмжлэгтэйгээр ““НАЙЗ”” кампанит ажил эхэллээ.
Глоб Интернэшнл Төв үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан тус кампанит ажил нь олон нийт, залуучууд, шийдвэр гаргах түвшний хүмүүс, хууль тогтоогчдын хэвлэлийн эрх чөлөө, тэр дундаа цахим эрх, эрх чөлөө (digital rights), нэрээ нууцлах эрхийн (right to anonymity) талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагаа явуулна. Үүнд:
Нийгмийн сүлжээний аян
Төслийн хүрээнд үүсгэсэн “НАЙЗ” фейсбүүк хуудас болон бүлэг нь олон нийт, нэн ялангуяа залуучуудад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим эрх, эрх чөлөө, нэрээ нууцлах эрхийн талаар санал бодлоо солилцох боломж олгож, мэдлэг, туршлагаа хуваалцах талбар болно. “НАЙЗ” сүлжээнд залуусын бүлгэм, клубууд, ТББ-ууд нэгдэнэ.
Залуучуудын дунд зохиогдох уралдаан, тэмцээн
• Хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохиогдох уралдаан
Төслийн хүрээнд хууль зүй, сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Судалгааны шилдэг бүтээл” уралдаан зарлана.
Уралдааныг дараах 2 төрлөөр явуулна. Үүнд:
1) хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, мэдээлэл авах эрх чөлөөний зүйл заалт бүхий Монгол улсын хуулиуд, төрийн нууцын тухай хуулиуд, хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл, гүтгэлэг доромжлол, өргөн нэвтрүүлэг, интернэтийн зохицуулалт, эх сурвалж хамгаалах, агуулгын хязгаарлалт зэрэг сэдвээр;
2) сэтгүүл зүйн их, дээд сургуулийн оюутнуудын дунд хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн өмчлөл, төвлөрөл нь сэтгүүл зүйн чанарт нөлөөлөх, иргэний сэтгүүл зүй, редакцийн хараат бус байдал зэрэг сэдвээр одоо үйлчилж буй хуулиудтай холбон, судалгааны бүтээл туурвих.
Оролцогчид өөрсдийн бүтээлээ “НАЙЗ” сүлжээнд байршуулж, мэргэжлийн шүүгчид уралдааны төрөл тус бүрээс нийт 10 шилдэг бүтээл шалгаруулна.
• Оюутны хэлэлцүүлэг
Уг арга хэмжээ нь оролцогчдод үе тэнгийнхэндээ өөрсдийн бүтээлээ толилуулах, тухайн сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгоно.
• Бүжгийн тэмцээн
Бүжгийн тэмцээн нь шилдэг 3 үзүүлбэр шалгаруулна. Шилдэг үзүүлбэрүүдээр видео хийж, Youtube хуудсанд байршуулна. Мөн эдгээр үзүүлбэрүүдийг “НАЙЗ” арга хэмжээний үеэр олон нийтэд толилуулна. Бүжгийн тэмцээн нь бүжиг сонирхогч, мэргэжлийн бус бүхий л бүлгүүдэд нээлттэй байна.
• “НАЙЗ” арга хэмжээ
“НАЙЗ” арга хэмжээнд оюутнууд, сэтгүүлчид, хуульчид, шийдвэр гаргагчид уригдан оролцоно. Арга хэмжээний үеэр шагнал гардуулах бөгөөд бүжгийн хамтлагуудын тоглолт болон манай сүүлийн төслийн үеэр бүтээгдсэн тавилттай уншлага толилуулна. Тус арга хэмжээг Блак Бокс театрт ГИТ-ийн 15 жилийн ойтой хамтатган зохион байгуулна.
• “НАЙЗ” сүлжээний стратеги боловсруулах сургалт семинар
Сүлжээний гишүүд нэг өдрийн сургалт семинар зохион байгуулж, цаашдын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Бидний гол зорилго нь 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн хороо Монгол улсын Засгийн газрын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийг хэлэлцэхийн өмнө тус Пактын 19-р зүйлийг хэрэгжүүлэхэд нааштай алхам хийх талаар Засгийн газарт нөлөөллийн үйл ажиллагаа явуулах.