
Хэвлэлийн мэдээ
2018 оны 11-р сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот, Монгол улс
Олон улсын Хүний Эрх, Хөгжлийн Азийн Форум (FORUM-ASIA), Монгол дахь гишүүн байгууллага Хүний Эрх Хөгжил Төв, Глоб Интернэшнл Төвтэй хамтран 2018 оны 11-р сарын 12-13-ны өдөр “Хүний эрх болон хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Үндэсний хүний эрхийг Хамгаалагчдын хамтарсан зөвлөгөөн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгууллаа. Улаанбаатар хот болон орон нутгийн хүний эрхийн байгууллага, хүний эрхийг хамгаалагчид, Монгол улсын ГХЯ, ХЭҮК-ын төлөөлөл зэрэг олон оролцогч цугларан хүний эрхийн тулгамдсан асуудлуудыг ярилцан хэлэлцлээ. Малайз улсын хуульч-өмгөөлөгч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чиглэлээр мэргэшсэн шинжээчид зөвлөгөөнд оролцож туршлагаа хуваалцав.
Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгийн явцад оролцогчид, хүний эрхийг хамгаалагчид ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын компаниудын заналхийлэл, доромжлол, сүрдүүлэгт өртөх магадлалтай хэвээр байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Хүний эрхийг хамгаалагчид аливаа улс орны ардчиллын салшгүй нэг хэсэг мөн бөгөөд Монгол улсын тогтвортой, оролцоот, ялгаварлан гадуурхалтаас ангид хөгжлийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Байгаль орчны идэвхтэн, сэтгүүлч, оюутан, үйлдвэрчний эвлэлийн ажилтан, мөн бусад мэргэжлийн ажилтнууд өөрсдийгөө чөлөөтэй илэрхийлж, шийтгэлээс айлгүйгээр ажлаа тайван амгалан хийх боломжтой байх ёстой. Дарангуй хууль, заалтуудыг хүчингүй болгох, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хууль, журмыг батлах, баталсан хууль, журмууд нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхалгүйгээр хүн бүрт тэгш үйлчилдэг байх орчныг Төр бүрдүүлэх үүрэгтэй.
Энэ удаагийн зөвлөгөөнөөр санаа түгшээж буй гурван гол зүйлд анхаарал хандууллаа. Үүнд: нэгдүгээрт, Эрүүгийн хуулинд гүтгэлгийн тухай зүйл заалтыг оруулах санал, Зөрчлийн тухайн хуульд буй гүтгэлгийн тухай зүйл заалт, хоёрдугаарт, хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах үр нөлөө бүхий хуулийн төсөл, хууль батлах үйл явц, гуравдугаарт, уул уурхай, хөгжлийн томоохон төслүүдийн хортой үйл ажиллагаа, хүний эрхэд үзүүлж буй сөрөг нөлөө гэсэн үндсэн гурван асуудлыг хөндөж ярилцлаа.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ахиц дэвшил байсан хэдий ч анхаарал татаж буй эдгээр асуудлын хувьд зарим талаар ухарсан гэж болохоор байна. Монгол Улсын ХЭҮК манлайлан иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хуулийн төсөл боловсруулсан эерэг ахицын зэрэгцээ уул уурхай, газар тариалангийн компаниудын үйл ажиллагаа, орон нутгийн иргэд, малчдад үзүүлж буй сөрөг нөлөө ихээхэн нэмэгджээ.
Сэтгүүлчдийг хамруулан хүний эрхийг хамгаалагчдын нэр хүндэд халдах, ялангуяа гүтгэлгийн тухай зүйл заалтыг эрүүгийн шийтгэл гэж үзэх, Зөрчлийн тухай хуульд Гүтгэлэг гэсэн заалт оруулсныг эрс эсэргүүцэж байна. Эдгээр зүйл заалт нь нийгмийг айдаст автуулах сөрөг нөлөөтэй төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарж буй хэрэг мөн. Монголын төр Эрүүгийн хуулийн төсөлдөө санал болгож буй энэ нэмэлт өөрчлөлтийг баталбал хойш ухарсан хэрэг болно. Монгол Улс хүн бүрийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиараа, мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээний дагуу баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалагчид, үүний дотор сэтгүүлчид, Засгийн газрыг иргэдийнхөө өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба энэ боломжийг Төр олгох ёстой. Засгийн газар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлан боомилоход ашиглагдаж болохуйц бүхий л хууль, тогтоомж, ялангуяа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах гэж буй нэр хүндэд халдах, гүтгэх заалтаа эргэн нягталж, хуулийн төсөл хэлэлцэх үйл явцдаа бүх талын оролцоог хангах ёстой гэж зөвлөгөөнд оролцогчид үзлээ.
Монголын хүний эрхийг хамгаалагчдын сүлжээнийхэн Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК, УИХ-ын Хүний Эрхийн Дэд Хороо зэрэг хүний эрхийн чиглэлийн гол оролцогчдын хүчин чармайлтыг талархан сайшаасан билээ. Үүний зэрэгцээ, Монголын хүний эрхийг хамгаалагчдыг бүрэн бодит хамгаалалтаар хангах зорилготой энэ хуулийн төслийн сүүлийн хувилбарын зарим заалт, тодруулбал, хүний эрхийг хамгаалагч гэсэн тодорхойлолтыг ойлгомжтой болгох, Хамгаалалтын Хороонд тэдний гүйцэтгэх үүрэг, хүний эрхийг хамгаалахад орон нутгийн удирдлагад үүрэг хүлээлгэх зэрэг заалтыг илүү тодорхой болгож, чангатгах зэргээр илүү сайжруулах шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид зөвлөж байна. Ийнхүү эргэж нягтлах нь хуулийн хамрах хүрээ, үр нөлөө бүхий хэрэгжилтийг хангахад нэн чухал юм.
Уул уурхай зэрэг бизнесийн үйл ажиллагаа тодорхой хяналтгүйгээр явагдаж, тэдний үйл ажиллагааны нөлөөлөлд байгаль орчныг хамгаалагчид, малчид өртсөн хэвээр байгааг оролцогчид хөндөж хэлэлцсэн төдийгүй НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Ажлын хэсэг 2012 онд Монгол Улсад ажлын айлчлал хийснээс хойш Бизнес ба Хүний Эрхийн Үйл ажиллагааны Үндэсний Хөтөлбөр боловсруулах талаар Засгийн газар онцгой ахиц гаргаагүйг оролцогчид тэмдэглэв. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт бизнесийн үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, бизнесийн байгууллагууд хүний эрхийн чиглэлээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлэх ёстойг тодотгоход төрийн нэн тэргүүний зорилтууд, үйл ажиллагааг багтаасан байх ёстой. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр нь олон улсын хүний эрхийн хэмжээнд үндэслэгдсэн, НҮБ-ын Бизнес болон Хүний эрхийн мөрдөх зарчмуудад нийцсэн байхаас гадна уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, газар олголт, хөдөлмөрийн эрх зэрэг үндсэн асуудлыг багтаасан эсэхэд Засгийн газар хяналт тавих үүрэгтэй төдийгүй зөвлөлдөх үйл явцыг бүрэн нээлттэй эхлүүлж, иргэний нийгмийн байгууллага, нөлөөлөлд өртсөн ард иргэдийн санал бодлыг харгалзан үзэх ёстой.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монгол улс хүний эрхийн асуудлаар зарим ахиц амжилт гаргасан хэдий ч хүний эрхийг хамгаалагчид доромжлол, дарамттай нүүр тулсаар байна. Зүүн Азийн бүс нутагт ардчиллын анхдагч болсны хувьд Монгол Улсын Засгийн газар эрх зүйн орчин бий болгох, хууль, бодлогоо үр нөлөөтэй хэрэгжүүлэх замаар хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэх шаардлагатай байна. Ингэснээр улс орондоо хүний эрхийг бүрэн хамгаалж, хангаж чадна.
Олон улсын Форум Ази байгууллага
Хүний Эрх Хөгжил Төв
Глоб Интернэшнл төв
Үндэсний Хүний Эрхийг Хамгаалагчдын Сүлжээ
Хэвлэлийн мэдээ Монгол хэлээр PDF хувилбараар энд дарж татаж авна уу.
Хэвлэлийн мэдээ Англи хэлээр PDF хувилбараар энд дарж татаж авна уу.