
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллага жил бүр олгодог Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолоо 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр анх удаа Лондон хотод зохион байгуулав. Эр зоригийн, нөлөөллийн төлөөх, хараат бус байдал гэсэн гурван төрлөөр олгодог олон улсын шагналын эздээр Энэтхэгийн сэтгүүлч Суати Чатурведи, Мальтын сэтгүүлч Мэтю Каруана Гализиа, Филиппиний сэтгүүлч Индая Эспина-Варона нар тодорсон байна. 2018 онд Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулж буйг тэмдэглэн Их Британийн хэвлэл мэдээлэлд олгохоор ‘L’esprit de RSF’ тусгай шагнал бий болгожээ. Тус шагналыг Брекситийн аяны санхүүжилтэд эрэн сурвалжилга хийсэн The Observer-ийн сэтгүүлч Кароль Кадуалладрт гардуулсан байна.
RSF-ийн 2018 хэвлэлийн эрх чөлөөний шагналтнууд
Эр зоригийн шагнал: Энэтхэгийн сэтгүүлч Суати Чатурведи 
Энэ шагналыг дайсагнасан орчинд сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, түүнийгээ хамгаалж эсвэл хөхиүлэн дэмжихэд өөрсдийн аюулгүй байдал, эрх чөлөөнд учирч буй аюул заналыг үл тоон эр зоригоо харуулсан хэвлэл мэдээлэл, ТББ, сэтгүүлчдэд олгодог.
Эр зоригийн шагналын эзнээр тодорсон Энэтхэгийн чөлөөт сурвалжлагч Суати Чатурведи нь “Би бол Тролл: BJP-ийн цахим армийн нууц ертөнцөд” номын зохиогч бөгөөд үнэнийг шударгаар илчилснийхээ төлөө цахим орчин дахь харгис дарамтын хохирогч болж байсан сэтгүүлчдийн нэг юм. Тэрбээр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлдэг Хиндү үндсэрхэг Бхаратияа Жаната намын “Мэдээллийн технологийн өрөө”-г сэтгүүл зүйн мэргэжлийн арга барилаар хийсэн эрэн сурвалжилгаараа “Би бол Тролл: BJP-ийн цахим армийн нууц ертөнцөд” хэмээх хэвлүүлжээ. Гэвч энэ нь нөгөө талдаа Суати Чатурведид өширхөх олон нийтийн сүлжээний троллуудад түүнийг илүү ил болгосон юм.
Нөлөөллийн төлөөх шагнал: Мальтын сэтгүүлч Мэтю Каруана Гализиа 
Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх чөлөө, хараат бус, олон ургальч байдлыг бодитоор сайжруулахад эсвэл энэ төрлийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж буй хэвлэл мэдээлэл, ТББ, сэтгүүлчдэд олгодог.
Нөлөөллийн шагналын эзнээр тодорсон Пулитцерийн шагналт, эрэн сурвалжлах сэтгүүлч, программын инженер Мэтю Каруана Гализиа нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумд таван жил ажиллахдаа Дата болон судалгааны хэлтсийг байгуулалцжээ. Тэрбээр 2018 онд ажлаа орхиж өөрийнхөө ээж Дафни Каруана Гализиагийн хэрэг дээр төвлөрч ажиллах болсон. Түүний ээж Дафни Каруана Гализиа эрэн сурвалжлах сэтгүүлч байсан бөгөөд авлигын хэргийг эрэн сурвалжилж байгаад 2017 оны 10 дугаар сард Мальта дахь гэрийнхээ ойролцоо захиалгат аллагын золиос болжээ.
Мэтю Каруана Гализиа ээжийнхээ аллагын хэрэг, тухайн үед ээжийнх нь нийтэд илчилсэн хэргийг шударга шүүхийн өмнө аваачихын төлөө олон улсын хамтын нийгэмлэгийг өдөөж, Мальтын албан тушаалтнуудад хариуцлагыг нь үүрүүлэхийн тулд цуцалтгүй ажилласан байна.
Хараат бус байдлын төлөөх шагнал: Филиппиний сэтгүүлч Индая Эспина-Варона

Энэ шагналыг аливаа дарамтын (санхүү, улс төр, эдийн засаг, шашны) эсрэг зогсож буй эсвэл тэднийг эсэргүүцэн зогсоход боломж олгож буй дүрэм журам, үнэ цэнээс шалтгаалж сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, ТББ-уудад олгодог.
Филиппиний сэтгүүлч Индая Эспина-Варонагийн эмзэг бүлгийн асуудлуудаар хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагууд, мөн эмэгтэйчүүдийг үзэн ядах Дутертегийн дэглэмийн эсрэг тэмцэх #BabaeAko буюу дэлхийн дахиныг давалгаалуулсан #Metoo аянтай дүйцэхүйц аяныг эх орондоо эхлүүлснийх нь төлөө уг шагналыг олгожээ.
Нийгмийн сүлжээнд маш идэвхтэй байдаг ахмад сэтгүүлч Индая Эспина-Варона нь Филиппиний өргөн нэвтрүүлгийн сүлжээ ABS-CBN-д туслах редактор, мөн иргэний сэтгүүл зүйн Bayan Mo i-Patrol Mo (BMPM) вэбсайт албан ёсоор ажиллуулдаг. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд Филиппинд эмзэг асуудлуудад тооцогддог насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ЛГБТ асуудал, Минданиао арал дээрх Моро исламын чөлөөлөлтийн хүчний талаар дэлгэрэнгүй сурвалжлагууд бэлтгэжээ. 2018 оноос Дутертегийн эмэгтэйчүүдийг гадуурхсан, эмэгтэйчүүдийн эсрэг халдлагуудад хариу болох зорилгоор олон нийтийг эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар нэгдсэн хөдөлгөөнд оруулж, мэдээлэл түгээх #BabaeAko (Тагалог хэлээр “Би, эмэгтэй хүн”) нийгмийн сүлжээний кампанит аяныг удирдах болсон.
L’ESPRIT DE RSF шагнал: Кароль Кадуалладр 
'L'esprit de RSF' нь энэ жил бий болгосон тусгай шагналыг ноцтой дарамт үүсэж буй өнөө үед хараат бус байдлаа харуулсан эсхүл гайхалтай нөлөөлсөн, ер бусын эр зориг гаргасан Их Британийн сэтгүүлчид, хэвлэл мэдээлэл, ТББ-ыг хүндэтгэн олгохоор болжээ. Энэ шагналд нэр дэвшигчид нь бусад шагналын аль нэгийнх нь шалгуурт тэнцэхийн зэрэгцээ Их Британид эсхүл Их Британийн хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ гэдэг утгаараа олон улсад өөрсдийн үйл хэргээрээ RSF-ийн зорилгыг хэрэгжүүлсэн байх шаардлагатай.
Шагналын эзнээр тодорсон The Guardian, The Observer-ийн сурвалжлагч Кароль Кадуалладр нь АНУ, Их Британийн ардчилсан үйл явцыг сүйрүүлж буй асуудлыг эрэн сурвалжилсан нь Трамп, Брекситийн кампанит аян дахь Кэмбридж Аналитика болон AggregateIQ хиймэл дагуулын үүрэг оролцоог илчилсэн билээ. Тэрбээр эрэн сурвалжлагаараа АНУ дахь Трампын сонгуулийн баг, Их Британи дахь Leave кампанит аянд ажилласан дата дүн шинжилгээний фирм нь АНУ-ын сонгогчдын сая сая Фейсбүүк хаягийн мэдээллийг хурааж, түүнд үндэслэн сонгогчдын сонголтыг таамаглах, сонголтод нь нөлөөлөх хүчирхэг програм зохиосон болохыг илчилжээ. Энэ үйлдэл нь дэлхийн хамгийн том мэдээллийн халдлагуудын нэгд тооцогдож буй. Кароль Кадуалладр үүнийг илчилснийхээ төлөө одоог хүртэл дарамт, шахалттай нүүр тулсаар байгаа гэнэ.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар үг хэлэхдээ “Үнэний эрэлд гарахдаа өөрсдийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулдаг дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчдийн хүсэл тэмүүлэл, чанар жил бүр намайг гайхшируулж байна. Эдгээр хувь хүмүүсийн ажлыг онцлон тэмдэглэх боломжтой байна гэдэг бол нэр төрийн хэрэг билээ. Энэхүү сайшаал нь эх оронд нь хараат бус хэвлэл мэдээллийн эсрэг дарамт нэмэгдэж буй өнөө үед тэднийг чухал үйл хэргээ гүйцэтгэхэд нь амин чухал дэмжлэг, хамгаалалт болно гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэв.